“ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН” нижигнэх цаг айсуй

Олон улсын шинэ хөгжмийн “Туурайн төвөргөөн” наадмыг 14 дэхь жилдээ зохиох гэж байна. Наадмын нээлт энэ сарын 18-нд Үндэсний түүхийн музейн гадна талбайд болох бөгөөд оролцогчид 19-нд Дорноговь аймгийг зорих юм. Тэд Чойр, Сайншанд, Хамрын хийд, Бясалгалын агуй, “Саран хөхөө” театрын туурь, Хүслийн ууланд тоглоод 24-нд Улаанбаатарт ирэх аж. Оролцогчид наадмын хоёр дахь долоо хоногт Монгол орны төв хэсгээр аялах бөгөөд Хархорин, Элсэн тасархай, Эрдэнэзуу хийдэд тоглоод 30-нд Улаанбаатарт хаалтын тоглолтоо хийх аж. Англи, АНУ, ХБНГУ, Швейцарь, Чили, Бразил зэрэг арваад орны 22 уран бүтээлч “Туурайн төвөргөөн”-д оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Монголоос ХБК-ийн цохивор хөгжмийн хамтлаг, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.
Наадмыг зохион байгуулагч С.Бадамхорол “Дэлхийн онцгой сонин, давтагдашгүй 50 аяллыг шалгаруулахад “Туурайн төвөргөөн” уг жагсаалтад багтсан багтсан. Энэ жагсаалтад далайн гүнд буй “Титаник” хөлгийг үзэж, өрөө тасалгаанд нь тухлах, Лхаст очиж, Далай ламтай өглөөний цай ууж, ярилцах, Английн хатан хаантай зэрэгцэж суун морины уралдаан үзэх зэрэг өндөр үнэтэй, хүссэн бүхэн оролцох боломжгүй аяллуудыг нэрлэсэн юм билээ. Энэ наадмын оролцогчид Монголын үзэсгэлэнт байгалиар аялахын зэрэгцээ Монголын сор болсон уран бүтээлчид, дэлхийн орчин үеийн урлагийн төлөөлөгчдийн тоглолтыг үзэж, нүүдэлчдийн өвөрмөц соёл, зан үйлтэй танилцдаг тул дэлхийн шилдэг аяллаар шалгарсан. Байгалийн сайханд амьд хөгжмийн тоглолт сонсоход ямар гайхалтай мэдрэмж төрдөг гээч. Хөдөө буйд байгалийн сонин содон тогтоц дунд очихоороо уран бүтээлчид тоглолтын танхимд тоглосноо илүү сэтгэл хөдлөлтэй, эрх чөлөөтэй болдог. Тэндээс гайхамшигтай энерги ялгардаг. Манайх шиг менежменттэй наадам дэлхийд ховор. Энэ наадам дэлхийд нэр хүндтэй болсон. Манайхтай адил менежментээр арга хэмжээ зохион байгуулъя, “Туурайн төвөргөөн” наадмын нэрийг ашиглая гэх хүсэлт олон ирдэг. Бидний хийж байгаа ажил дэлхийн сонорт хүрч, эх орныхоо нэрийг дуудуулж байгаадаа бахархдаг” гэв.