2030 он гэхэд дэлхийн жуулчдын тоо 1.8 тэрбумд хүрнэ.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 19 дэх удаагийн Ерөнхий ассамблейн хурлаас ирэх 20 жилд олон улсын аялал жуулчлал тогтмол өснө гэж мэдэгдсэн ба тус байгууллагаас гаргасан урт хугацааны урьдчилсан мэдээгээр 2030 он гэхэд олон улсын жуулчдын тоо 1.8 тэрбумд хүрэх юм байна. Үүний үр дүнд олон улсын аялал жуулчлалын зах зээлд жил бүр 43 сая жуулчин шинээр нэмэгдэнэ. Ирэх 20 жилд өдөрт дунджаар 5 сая орчим хүн амралт, зугаалга, бизнес, гэр бүл, найз нөхдийндөө зочлох зорилгоор олон улсын аялал хийх юм байна. Салбарын өсөлт нь эдийн засаг, нийгмийн төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг дэмжих зэрэг олон зүйлд эерэгээр нөлөөлж, маш их шинэ боломжуудыг бий болгоно гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай онцлон дурьджээ. Судалгаанаас үзэхэд олон улсын аялагчдын чиг хандлагаас шалтгаалан аялал жуулчлалын гол бүс нутгуудын эдийн засаг жилд +2.2 хувиар өсөж байсан бол энэ байдал үргэлжилсээр хоёр дахин нэмэгдэж +4.4 хувьд хүрэх хандлагатай байна. Өнгөрөгч хугацаанд Ази, Латин Америк, Төв болон Зүүн Европ, Газар дундын тэнгис, дундад ба зүүн Африкийн бүс нутгуудад аялах аялагчдын тоо жилд 30 саяар, Хойд Америк, Ойрхи Дорнод болон Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зорин очих газруудын аялагчдын тоо 14 саяар тус тус өссөн байна.  Мөн 2030 он гэхэд Зүүн Хойд Ази дэлхийн хамгийн олон хүн аялдаг дэд бүс нутаг болно гэжээ. Үүнийг дагаад манай оронд ирэх жуулчдын тоо өсч болох юм.