Guide боловсролын төв нь МАЖХ-той хамтран “Амжилттай аялал-чадварлаг хөтөчөөс” нээлттэй семинарын хүрээнд “Уран илтгэгч хөтөч” илтгэлийн тэмцээнийг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний III шатанд 10 шилдэг оролцогч шалгаран үлдсэн бөгөөд англи, герман, япон хэл дээр илтгэл тавьж оролцсон юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр МАЖХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, шүүгчдээр АЖҮТ-ийн Дэд дарга Н.Молор, “Мон дисковери” компаний захирал Э.Амгалан, “Аян трайлс” компаний менежер Б.Мөнхтогтох, Guide төвийн захирал Ч.Буянбадрах нар ажиллаж, МАЖХ, Аян трайлс, Мон дисковэри, Монголиан гайд тур компаниуд ивээн тэтгэлээ. Тэмцээний Тэргүүн байранд ЭМШУИС-ийн 1-р дамжааны оюутан Б.Анужин “How to protect their children from bad spirit” сэдвээр шалгарч, Хоёрдугаар байрыг MIU сургуулийн 3-р дамжааны оюутан Г.Самбалхүндүв “Mongolian traditional boot” сэдвээр, Гуравдугаар байрыг Плеханов-УБ лицей сургуулийн 9-р ангийн сурагч Г.Ундрам “Buddhism number 108” сэдвээр тус тус эзэлж, МУИС-ийн харъяа Орхон ИС-ийн 3-р дамжааны оюутан Р.Чулуунтогтох, 38-р сургуулийн 10-р ангийн сурагч Б.Маргад-Эрдэнэ нар Шүүгчдийн нэрэмжит шагналыг хүртлээ. Тэмцээний шүүгчид бүх оролцогчдыг маш чадварлаг байсанд сэтгэл хангалуун байсан бөгөөд жуулчны улиралд ажлын байраар хангаж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
“Амжилттай аялал” гэдэг бол яах аргагүй аяллын хөтөчөөс шалтгаалдаг. Монголын аялал жуулчлал төдийлөн амжилттай хөгжиж чадахгүй байгаа гол шалтгаануудын нэг нь хөтөч нарын ур чадвартай холбоотой байдаг. Монголд ирж буй жуулчид “миний бариад явж байгаа Монголын тухай хөтөч” номноос илүү зүйлийг аяллын хөтөч орчуулагч нар хэлж өгч чадах уу, энэ номноос илүү зүйлийг хэлж өгч чадахгүй бол би аяллын хөтөч хөлсөлж авах ямар ч шаардлага алга” хэмээн хэлдэг болсон байна. Тэд бидний тухай магадгүй илүү судалсан байж болно. Гэвч бид өөрийн эх орныхоо тухай тэдгээр гадаадын жуулчдаас илүү өргөн хүрээгээр мэднэ. Аялал жуулчлалынхан бид тэдэнд тайлбарлах, ойлгуулах, багшлах үүрэгтэй. Тийм ч учраас аяллын хөтөч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор энэ тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Оролцсон бүх залуусын хувьд тухайн ярих гэсэн сэдвийнхээ талаар өргөн хүрээний эрэл хайгуул хийж судлан, олж мэдсэн зүйлээ бусад хүмүүст зөв, ойлгомжтой, эмх цэгцтэйгээр сонсгохын тулд дор бүрнээ хичээн хөдөлмөрлөсөн нь илт мэдрэгдэж байсан юм.
Өөр шашинтай, өөр зан заншилтай харийн хүнд Монголын тухай янз бүрийн мэдээллийг өгөх үүрэгтэй хөтөч тайлбарлагч нь хэрхэн яаж мэдээллийг өгөх вэ гэдгийг энэхүү илтгэгчийн тэмцээнд оролцсон бүх оролцогчид маань харуулж чадсан гэж найдаж байна. Тэмцээнд сэтгэл зүтгэл гарган оролцсон залуустаа болон тэднийг сонсохоор ирсэн бүх зочиддоо талархсанаа илэрхийлье.
Guide төвийн захирал Ч.Буянбадрах