АНУ-ын
Нью-Йорк хотноо өнгөрөгч тавдугаар сард “Батаар” хэмээх тиронозаврын ясыг
дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай дуулиан дэлхий дахины хэвлэл
мэдээллээр дэгдсэнбилээ. Үлэг гүрвэлийн үлдэгдэл яс Монгол Улсаас хууль бусаар
хил давуулсан байх магадлалтай учир шүүхийн шийдвэр гартал гэсэн нөхцөлтэйгээр
дуудлага худалдаанд оруулсан юм.Гэтэл
саяхан америк, канад, монголын мэргэжилтнүүдийн хамтарсан баг энэхүү үлэг
гүрвэлийн ясыг Монголын газар нутгаас олдсон болохыг албан ёсоор нотоллоо.
АНУ-ын Үндэсний түүхийн
музейн палеонтологич Марк Норрель “Бид газар дороос үлэг гүрвэлийн яс олныг гаргаж авч байлаа. Энэ тал
дээр нөр их туршлага хуримтлуулсан. Туршлага дээрээ үндэслэн энэхүү ясыг
Монголын газар нутгаас олдсон гэдгийг бид мэргэжлийн хүмүүсийн хувьд баталж
байна” хэмээв. Марк Норрель өөрийн хамтран зүтгэгч Филип Кюрригийн хамтаар энэхүү
мэдэгдлийг албан ёсоор хийсэн ба үүнтэй Монголын мэргэжилтнүүд санал нэг байгаа
юм.
Мэргэжилтнүүдийн мэдэгдэл
дуудлага худалдааны эцсийн шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй
байна. Энэхүү үлэг гүрвэлийн ясыг өнгөрсөн тавдугаар сарын 20-нд дуудлага
худалдаанд оролцсон нэрээ хэлээгүй нэгэн худалдан авахаар 1.1 сая ам.долларын
үнэ хэлжээ.
Үлэг гүрвэлийн маргаан
дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлын хэсэг
томилж, “Батаар”-ын үүсэл гарлыг тогтоох үүрэг өгсөн. Үүний дагуу Канадын Филип
Кюри, АНУ-ын Марк Норрель, Монголын Х.Цогтбаатар, Б.Минжин нарын эрдэмтдийн баг
хамтран ажилласан юм. Мөн Энн Олтмэн, Б.Чойсүрэн, Б.Наранзун, Роберт Пэйнтэр,
Таня Пэйнтэр, П.Цагаан нарын албаны хүмүүс ажиллажээ.
Хуульч Роберт Пэйнтэр “Бид
гар нийлэн хамтран ажиллаж, үлэг гүрвэлийн үүсэл гарвалийг тогтоохын тулд
судалгаа явуулсан. Шуурхай ажилласны ачаар “Батаар” үлэг гүрвэл нь Монголоос
олдсон гэдгийг тогтоож чадлаа. Монголын газар нутгаас олдсон үлэг гүрвэлийн
ясыг хилээр давуулахыг 1961 онд Монголын хуулиар хориглосон байдаг. Иймээс энэ
нь хууль бус худалдаа юм. Хууль бус ажиллагааг зогсоохын тулд Нью-Йорк хотын Өв
соёлын дуудлага худалдааны газар хамтран ажилласанд талархаж байна. Тус
байгууллага шүүхийн шийдвэр гартал дуудлага худалдааны эцсийн шийдвэрийг
хойшлуулж, бидэнд хугацаа өгсөн” гэжээ.