Нью-Йоркт хийжүүлсэн ундаа, кофе худалдахыг хориглов

Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг чихрийн агууламж ихтэй төрөл бүрийн амттан, шүүс, хийжүүлсэн ундаа, кофе зэрэг бүтээхүүнийг зоогийн газар, кино театр, гудамж талбайд худалдахыг хориглох журам батлах болсноо мэдээдсэн байна. Тэрхүү “хар дансанд” түргэн хоолны газруудад борлуулдаг ихэнх амттан болон 25 хувиас дээш илчлэгтэй олон төрлийн хийжүүлсэн ус, ундаа багтаж байгаа гэнэ. Үүнээс гадна иргэдийн эрүүл мэндийн төлөөх уг журмаар “дэглэм”-ийн хэмээн нэрлэдэг чихэр багатай ундаа, савласан цайнуудыг худалдахыг хориглохоор шийдвэрлэжээ. Эл журмыг өдгөө тус хотын Хоол хүнс, эрүүл мэндийн зөвлөлөөр баталгаажуулж, ирэх оны гуравдугаар сараас мөрдөж эхлэх юм байна.

Майкл Блумберг ундаа үйлдвэрлэгчдэд хандан бүтээгдэхүүнийхээ орц, найрлагад анхаарч, таргалалтын эсрэг, эрүүл мэндэд тустай жор боловсруулахыг даалгажээ.

Тус хотын иргэдийн талаас илүү хувь нь илүүдэл жинтэй төдийгүй үүнээс үүдэлтэй зүрх судас, чихрийн шижин өвчтэй байгаа нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэнэ.