Музейн сан хөмрөгийн үзмэрийг тоолох ажил хугацаандаа эхлэхгүй нь

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.7-д “Улсын нэгдсэн бүртгэл-сэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийн тооллогын дөрвөн жил тутамд соёлд, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна” гэж заасан байдаг. Хуульд зааснаар тооллого явуулах ёстой хугацаа нь энэ жил. БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр энэ оны эхээр “Улс, аймгийн музейн сан хөмрөгт улсын тооллого явуулах тухай” тушаал гаргаж, тооллогын төв коммисын бүрэлдэхүүнийг томилон, тооллогыг энэ сарын 15-наас эхлүүлэхийг даалгасан. Гэвч түүх, соёлын үнэт өв, ховор нандин бүтээлүүдийг тоолж, бүртгэх уг ажил хугацаандаа эхлэхгүй нь. Учрыг Соёл урлагийн хорооны мэргэжилтнээс тодруулахад “Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Ирэх наймдугаар сараас улсын тооллого эхэлнэ” гэв. Музейд хадгалж байсан хосгүй үнэт үзмэрийг манаач нь хулгайлж зарсан, хуурамчаар сольж авсан явдал өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарсан. Музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, шаардлага хангадаггүй, ажилтнуудын хариуцлага дутуугаас хосгүй үнэт бүтээлүүд буруу гараар орсныг музейн сан хөмрөгт хийсэн улсын тооллогоор л илрүүлдэг билээ.