Азийн орнууд антибиотикийн загас экспортолж байна

Азийн орнуудаас экспортолсон загас, загасан бүтээгдэхүүнд хүний биед хор хөнөөл учруулах хэмжээний антибиотик илрүүлсэн тухай Австралийн ХАА-н яам мэдэгдснийг “9 News” уламжлав.

Мэргэжилтнүүдийн өгүүлснээр хортой бүтээгдэхүүн энэ оноос экспортлогдож эхэлсэн гэнэ. Вьетнамаас нийлүүлсэн таван хэсэг загасыг шинжилж үзэхэд энрофлоксацин хэмээх бодис их тунгаар илэрсэн тул “хар жагсаалтад” оржээ. Энрофлоксацин хэмээх антибиотик нь сөрөг, эерэг бактерийг устгадаг бөгөөд үүнийг загаснаас гадна бог малд тусдаг зарим төрлийн өвчнийг анагаахад хэрэглэдэг.

Австрали руу 2010 оноос нийлүүлж эхэлсэн бүтээгдэхүүнүүдээс 1000 нэр төрлийн бараа чанарын шаардлага хангаагүй бөгөөд тэдний дийлэнхийг нь БНХАУ-аас импортолсон, үлдсэн хэсгийг нь Энэтхэг, Итали, Япон, БНСУ, Францаас нийлүүлжээ. Эдгээр бүтээгдэхүүнд антибиотикоос гадна савханцар, Vibrio cholerae зэрэг бактер илрүүлсэн байна.