Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятавын гэрэл зургийн үзэсгэлэн болжээ

 Сэлбэ гол ширгээгүй байсан тэр эрэгт нь буга урамдаж, үзэмж гоо эврээ тольддог байсан нь өдгөө гэрэл зургийн хальснаа л үлджээ. Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав тэрхүү анхны бүтээлээ 1957 онд дурандаа буулгасан аж. Өнгөрсөн долоо хоногт нээсэн түүний “Хотын хүний зураг” үзэсгэлэнд 1950-иад оны сүүлчээс 1960, 1970 оныг хамрах энэ мэт зураг 60 орчим бий. Түүнчлэн нийслэл хотын их бүтээн байгуулалт, шинэчлэлтийн түүхийг өгүүлсэн уг үзэсгэлэн өнөөгийн бидэнд ч сургамж болох биз.

Улаанбаатар нэгэн цагт бүртийх ч хоггүй цэмцгэр гудамж, тоглоомоор дүүрэн цэнгэлдэх хүрээлэн, эмх цэгцтэй барилга байгууламжтай байсныг “Хотын хүн” сануулна. Бичгийн их хүн Б.Ринчен, ардын зураач Л.Гаваа тэргүүтэй билэг төгс эрхмүүдийн хөргийг ч дэлгэсэн нь үзэсгэлэнгийн үнэ цэнийг илтгэнэ.

Гэрэл зурагчин Л.Санжмятав “Найрамдлын зам” сонин, Мэдээлэл радио, телевизийн улсын хороо, Урлагийн ажилтны холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо зэрэг байгууллагад редактор, сурвалжлагч, зурагчнаар ажиллаж байсан бөгөөд гэрэл зургийн аппараттай 55 дахь жилдээ нөхөрлөж буй аж.