Манай оронд 3500 гаруй нуур бүртгэгдсэн байдаг хэдий ч нуур цөөрөм ширгэж үгүй болсоор байгаа өнөө үед шинээр нуур бий болж байгаа нь баярлуулштай. Нуур нь тектоник гаралтай хотгор, мөстлөг, мөсөн голын хүнх, тэвшин хөндий, галт уулын өрх тогоо, голын хөндий гэх мэт янз бүрийн газарт гадаад, дотоод хүчний үйлчлэлийн үр дүнд үүсэн бий болдог. Тэгвэл манай орны хамгийн залуу нуур 1957 онд Их Богд ууланд болсон 11 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүсчээ. Уулын орой нурж Битүүгийн голын хөндийг 50-70 метр өндөр нуранга бүхий далан үүсэж хааснаас буй болсон тэр нуурыг нутгийн ардууд Оюут-Номин гэж нэрлэсэн байдаг. Бас нэгэн хамгийн залуу нуур бол Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Улаан Боомын хавцалд үүссэн нуур бөгөөд нутгийн ардууд 50 метр өндөр, 190 метр урт далан байгуулж Завхан голын усыг хуралдуулсан нь эдүгээ 20 гаруй километр урт, 10 орчим километр өргөн нуур болжээ.