Казахстанд Бөхөн гөрөөс олноороо үхжээ

 Мөхөх аюулд нүүрлээд буй бөхөн гөрөөс Казахстанд олон зуугаараа үхсэн тухай “Риа Ново”ти" мэдээлжээ. Тус улсын Хөдөө аж ахуйн сайдын мэдэгдснээр Костанайн бүсээс өнгөрсөн пүрэв гаригт 500 гаруй үхсэн бөхөн олдсон байна. Ямар шалтгаанаар ийнхүү олноороо үхсэнийш одоогоор тогтоогоогүй байгаа аж.

Өнгөрсөн онд мөн энэ бүсэд олон мянган бөхөн гөрөөс үхсэн тохиолдол гарч байв. Нийт 12 мянган орчим бөхөн гөрөөс үхсэн уг явдлыг бэлчээрийнх нь ургамал хорогдсонтой холбоотой тайлбарласан юм.

Казахстан улс 2010 оны арваннэгдүгээр сараас бөхөн гөрөөс агнахыг хуулиараа хоригложээ. Үүний үр дүнд тус улсын бөхөнгийн тоо 85 мянгад хүрээд байна. Түүнчлэн бөхөн хамгаалах ажилд жилд 800 мянган ам.доллар зарцуулах болжээ. Тус улс бөхөн гөрөөсөө 1920-иод оны үед бараг л устгаж дуусгасан байж. Учир нь Хятадын уламжлалт эмийн найрлагад бөхөнгийн эврийг  ашигладаг тул иргэд олноор агнах болсон аж. Харин өнөөдөр тоо толгой нь өсөх хандлагатай болоод байна.

Манай улсад ч мөн бөхөн гөрөөс устаж болзошгүй амьтдын тоонд багтаад байгаа. Тиймээс энэ амьтныг “Улаан ном”-ын жагсаалтад оруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар 10 мянга хүрэхгүй тооны бөхөн Монголд нутаглаж байна.