Хятадаас авчирсан тахийг Чехээс ирэх гүүтэй нийлүүлнэ

БНХАУ-ын Шиньжаан Уйгарын Өөртөө засах орны муж дахь Жимсарын тахь үржүүлгийн газраас дөрвөн эр тахийг өнгөрсөн 21-нд Монголд авчиржээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, олон улсын “Тахь” групп тэднийг Говийн дархан цаазат газрын “Б” хэсэг буюу Тахийн ус хэмээх газарт нутагшуулсан байна.

Уугуул нутагтаа бүрэн устсан монгол тахийг нутагшуулж, өсгөн үржүүлэх, бие даан амьдрах чадвар бүхий тархац бий болгох ажлыг 1992 оноос хойш явуулж буй. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар Монголд 400 гаруй тахь нутагшсаны 70 орчим хувь нь Хустайн нуруунд байна. Тахийн тал хэмээх нутагт өмнөд хөршөөс авчирсан дөрвөн адуутай нийлээд 60 тахь нутагшиж байна.

БОАЖЯ олон улсын “Тахь” групптэй 2009 онд гэрээ байгуулснаар манай улс анх удаа БНХАУ-аас тахь авчирч нутагшуулж байгаа аж. Жимсарын тахь үржүүлгийн газар 250 орчим зэрлэг адуутай гэнэ. Түүнчлэн ирэх 7-р сарын 4-нд Чех улсаас мөн дөрвөн гүү авчрахаар болжээ. “Чехээс авчрах дөрвөн гүүг Жимсарын тахь үржүүлгийн газраас авчирсан дөрвөн адуутай нийлүүлж, үржүүлэх зорилготой байгаа” хэмээн Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн А.Цэен-Ойдов ярив.

Өмнөд хөршөөс авчирсан дөрвөн тахийг одоогоор дөрвөн га талбайд тусгайлан хашиж байгаа бөгөөд 14 хоногийн дараа бусад адуутай нийлүүлэх юм байна.