АНУ-ын Нью-Иорк хотноо үлэг гүрвэлийн маш ховор, бүтэн араг ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа манай эрдэмтэн, судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан байна. Уг дуудлага худалдааг хийхээр албан ёсоор зарласан “Херитейж Аокшн” байгууллагаас мэдээлснээр энэхүү үлэг гүрвэлийн араг ясыг сүүлийн 10 жилийн хугацаанд говиос олсон гэсэн мэдээлэл өгчээ.
Энэ асуудалтай холбогдуулж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт чиглэл өгч, уг олдворын гарал үүслийн талаар дуудлага худалдааг эрхлэн явуулах байгууллагаас тайлбар авах, хэрвээ Монголын говиос олдсон, хууль бусаар манай улсаас гарсан нь батлагдвал олон улсын конвенцийн дагуу олдворыг эх орондоо буцааж авчрах талаар ажиллахыг үүрэг болголоо.