Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутгаас дундад зууны үеийн Монголын түүхэнд холбогдох хадны оршуулгын ховор нандин дурсгал олджээ.
Тус сумын Дунд нурууны Шүүтийн агуй болон Бургаст, Гозгор толгой хэмээх газраас олдсон уг дурсгалууд нь эртний нүүдэлчдийн үхэгсдээ оршуулж байсан өвөрмөц зан үйл, соёлд багтах ажээ.Шүүтийн агуйд давсан дотор оршуулсан байсан гэх эртний шарилыг хүмүүс устгаж, оршуулганд хэрэглэсэн гэрийн хана, модон эмээлийг эвдсэн байжээ. Энэ булшнаас үлдсэн хүний яс, дээл хувцасны үлдэгдлийг МУИС-ийн НШУС-д авчран судалж байгаа юм.
Харин Бургаст хэмээх газраас олдсон хадны оршуулгаас XIII-XIV зууны үеийн 60 гаруй настай эрэгтэй хүний шарил ба цогцост өмсгөсөн дээл хувцас, бүсний арал, нумын үлдэгдэл олдсон байна. Түүнчлэн Гозгор толгойгоос Юань гүрний үеийн монгол хатныг нярай хүүхэдтэй нь хамт оршуулсан шарил олдсон аж. Уг булшийг мөн ялгаагүй хүмүүс төнхөж зарим эд зүйлсийг нь эвдэж устгасан байжээ.Эх хүүхэд хоёр ямар нэгэн халдварт өвчний улмаас эндсэн гэдгийг судлаачид тогтоожээ. Хонины нэхийд өлгийдөж, дотор нь ямар нэгэн үнэрт ургамал хийж хатаасан монгол хүүхдийн шарил бараг 800 жилийн туршид тэр чигээрээ хадгалагдан үлдсэн нь манай өвөг дээдэс занданшуулах үйлийг чадварлаг хийдэг байсныг гэрчилж байна. Энэ олдвор бол дэлхийд цөөхөн тохиолдох эртний хүн сулалын ховор хэрэглэгдэхүүн бөгөөд монгол хүний гарал удмын түүхийг генетикийн түвшинд судлах боломжийг олгож буй хэрэг гэж мэрэгжилтнүүд олзуурхаж байв.Дээрх хатны оршуулгаас монгол хатан хүний өмсөж байсан богтага малгай, зэс хөөмөл чимэглэл, малгайн шанаавчин дээр сувдаар хэлхсэн сүйхэн чимэг, явуу, тана эрдэнийн унжлагатай зэс ээмэг, бүтэн цас толь, модон сам олдсон. Мөн хөх торгоор эмжсэн, зөв энгэртэй, бүсэлхийгээрээ олон хуниастай, урт хормойтой, улаан торгон дээл олджээ. Эмэгтэйн шарилын дор тэмээний ноос зулж, зээг тавин оёсон гоёмсог хээ угалзтай эсгий ширдэг дэвссэн байсан. Ширдэгний хээ угалз, урласан загвар хийц зэрэг нь Төв Азийн эртний нүүдэлчид ба Хүннүгийн эсгий ширмэлийн урлагийн технологи дундад зууны үеийн монголчуудад уламжлагдан хөгжсөнийг нотолно. Энэ бол Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт гүрний хуучин нутаг дэвсгэрээс анх удаа биетээр олдож байгаа эрдэм шинжилгээний үнэт олдвор юм. Түүнчлэн тэндээс улаан чий будагтай бүтэн модон аяга олдсон нь ёроолдоо хар бэхээр бичсэн дөрвөлжин үсгийн бичээстэй байсан. Энэ бичиг нь уг аяганы эзний овгийн үсэг бололтой. Одоогийнхоор “хиян” гэж уншигдаж буй. Тэгэхээр Гозгор толгойн хадны хонгилд оршуулсан залуу хатан нь Чингис хааны алтан ургийн Хияд Боржигин овгийн хүн болж таарна хэмээн МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Археологи, антропологийн тэнхмийн эхлэгч, доктор У.Эрдэнэбат ярилаа.