Япон улсын иргэд 2010 оны дөрөвдүгээр сараас эхэлж манай улсад 30 хоног хүртлэх хугацаанд визгүй зорчих болсноор 2011 онд Япон жуулчдын тоо 30 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт бий. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод Монголд ирэх жуулчдын тоог 2015 он гэхэд нэг сая, 2021 он гэхэд хүн амын тоотой тэнцэхүйц болгохоор тусгасан байдаг. Иймд жуулчдын тоог нэмэгдүүлэх тал дээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж. Монголд ирэх Япон жуулчдын тоо, урсгалыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд жуулчдад хилийн боомтууд дээр виз олгох, энэ асуудлыг хариуцан зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулах, визний хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлэх хүрээг тодорхойлох зэрэг асуудлыг шийдвэрлэх ажээ.