Орхон аймгийн “Тэнгэрийн хуур” морин хуурын урлагийн урлаач Ч.Энхжав 5.9 метрийн урттай морин хуур бүтээснээ Морин хуурын олон улсын наадмын оролцогчдод сонирхуулав. Уг хуурын цар нь 1.6 метр өргөнтэй, чавхдасыг нь урлахад 22 мянган метр утас орсон бөгөөд ганц ч хадаас оруулалгүй нааж, углуургадаж бүтээснээрээ онцлог аж.
Ч.Энхжав уг хуураа Гиннесийн номд бүртгүүлэх зорилгоор нэг жил шахам хугацаанд урлажээ. Тэрбээр 1998 оноос морин хуур урлаж байгаа бөгөөд үүний өмнө 2.1 метр морин хуур, гурван метрийн өндөртэй домбор хөгжим бүтээсэн гэнэ. Монголын хамгийн том морин хуурыг Тусгаар тогтнолын ордонд залж байгаа аж.