100 жилийн өмнөх Монголд зочлоорой

Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Тэгвэл нэгэн зууны тэргээх Монгол Улсын бодит байдлыг харуулсан фото зургийн үзэсглэн өчигдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. XX зууны эхэн үед Францад амьдарч байсан Альберт Кан хэмээх нигүүлсэнгүй үзэлтэн дэлхийн улс үндэстний энх тайван, харилцан ойлголцлыг дэмжих зорилгоор 1909-1931 онд 50 гаруй орны нийгэм соёл, хүмүүсийн аж амьдралыг өнгөт зургаар буулгах төслийг санаачлан явуулжээ. Энэ төслийн хүрээнд францын гэрэл зурагчдыг дэлхий даяар илгээсний нэг нь 1913 онд Монголд ирж тухайн үеийн нийгэм, аж амьдралыг дурандаа буулган авчээ. Монгол улсын түүхийг өгүүлсэн тэдгээр гэрэл зураг парисын Альберт Каны музейд хадгалагдсаар иржээ. Тус музей 2011 онд дээрх цуглуулгаас зөвхөн Монгол Улстай холбоотой зургийг сонгон авч “Зуун дамжсан Монгол 1912-1913” үзэсгэлэнг олны хүртээл болгосон ажээ.

БСШУЯ санаачлан Францын Элчин сайдын яам болон О-Де-Сейнь мужийн дэмжлэгтэй “Нэгэн зууны тэртээх Монгол Улс-Францын гэрэл зурагчны дуранд” нэртэй тус үзэсгэлэнд 80 гаруй өнгөт фото дэлгэгджээ.

100 жилийн өмнөх Монголтойгоо танилцаж, Нийслэл хүрээний аж амьдрал, тухайн үед амьдарч байсан хүмүүсийн ховор нандин агшныг үзэх боломж таньд байна.