Амралтын өдрөө зугаатай өнгөрөөх явган аялалд урьж байна

“Аянчин аутфиттерс”, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, “G-entertainment” студи хамтран “Аянчин” явган аяллыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 12.00 цагт хөдлөх аяллын багынхан Бага тэнгэрийн ам, хатан Туулын эрэг дээрх амралтын цэг хүртэл явган алхах аж. Амралтын өдрөө эрүүл агаарт зугаатай өнгөрөөхийг хүссэн хэн бүхэн төвийн зургаан дүүрэгт байрлах  “Аянчин аутфиттерс” дэлгүүрийн салбарт өглөө 10.00 цагт очиж бүртгүүлэх ёстой гэнэ. Багууд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс нэгдсэн журмаар аялалдаа гарах юм байна. Ирэх, очихын нийтдээ 7 км зам туулах энэ аялалд оролцох иргэдээс ямар нэгэн төлбөр авахгүй бөгөөд хувийн бэлтгэлээ базаагаад очиход л хангалттай гэнэ. Аяллын хөтөлбөрт хөгжөөнт тоглоом, хөнгөн зууш болон төрөл бүрийн урамшуулал байгаа аж. Дээрх байгууллагууд энэ төрлийн аяллыг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж буйгаа өчигдөр дуулгав. “Монголчууд эртний нүүдэлчин удамтай хүмүүс. Үргэлж нааш цааш нүүдэллэдэг байнгын хөдөлгөөнтэй байсан хүмүүс суурин амьдралд шилжсэнээр хөдөлгөөний дутагдалд орж, өвчин эмгэгт өртөх нь ихэссэн. Урин дулаан цаг ирж буй энэ үед явган аялал хийх нь хамгийн чухал. 1970-1980-аад онд манайд явган аялал ихээхэн хөгжиж, бүр тусгай маршруттай болоод байсан. Одоо үүнийг сэргээх болсон” хэмээн Аялагч сэтгүүлчдийн холбооны тэргүүн Д.Баярням хэллээ.