Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д. Цогтбаатар тушаал гаргаж Богдхан уулын хамгаалалтын бүсэд газар олгохгүй байхаар боллоо. Энэ тушаалаар дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл олгохыг, түүнчлэн хориглосон хугацаанд газар ашиглахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээж авахгүй болохыг албан ёсоор баталгаажуулав.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар хийгдэж байгаа "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал явуулах даац, нөөцийн судалгаа" сэдэвт шинжлэх ухаан-технологийн төслийн эцсийн үр дүн гарч, цаашид аялал жуулчлалын чиглэлээр энэ бүсэд хэрэгжүүлж болох төслийн талаар тодорхой шийдэлд хүрэх хүртэл энэ тушаал мөрдөгдөх юм байна.