Ойн тухай хуулийг дэмжлээ

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх, хог хаягдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ойн тухай хуулийн төсөлд ойн сав газрыг хамгаалахын тулд төрийн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн, татвар төлөгчдийн мөнгөнөөс гурван тэрбум төгрөгийг хортон шавьж устгахаар тусгажээ. Ой бол уул уурхайг бодоход нөхөн сэргээгддэг баялаг. Эдгээр байгаль орчны тухай багц хуулийн хүрээнд хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай зэрэг хуулийг шинээр боловсруулсан. Хуульд цөлжилтийн асуудлыг түлхүү тусгахын тулд хөрс хамгаалалтыг мөн чухалчилсан. Тиймээс хөрс хамгааллын асуудлыг эрх зүй, хуулийн төвшинд тавьж, хөрсний элэгдэл, эвдрэл цөлжилт үүсгэж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бохирдол бууруулах асуудлыг хуулийн төсөлд багтаасан байна. Ялангуяа дээрх асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн Засаг дарга, ИТХ үүрэг хүлээхээр тусгажээ. Манай улсын газар нутгийн таван хувь нь цөлжиж 18 хувь нь эрчимтэй цөлжиж, байгааг ажлын хэсгийнхэн дуулгасан. Тиймээс цөлжсөн газарт төсвөөс болон гадаад, дотоодын тусламж дэмжлэгээр нөхөн сэргээх ажил хийгдэх ажээ. Үүнээс гадна цөлжилтөд өртөх магадлалтай эмзэг хэсгийг урьдчилан сэргийлэх шаардлагатай учраас асуудлыг эрх зүйн хувьд хуульчлахад хуулийн төслийг ач холбогдол оршиж байгааг ажлын хэсгийнхэн онцлов.