Лондонд Чингис хааны хөшөө сүндэрлэн бослоо.

Лондон хотын төвд Чингис хааны хөшөөний нээлт 4 дүгээр сард болжээ. Их хааныг дундад зууны үеийн цэргийн хөө хуягтай, гараа дэлгэсэн байдалтай дүрсэлсэн уг барималд орчин үеийн чиг хандлагыг тусгаж, хийсвэр сэтгэлгээг шингээжээ. Уг баримлын эх загварыг буриадын алдарт барималч Даши Намдаков урласан байна. Лондон хотын Кумберланд Гете цогцолборын гантиг нуман хаалганы ойролцоо байрлуулсан уг хүрэл хөшөө нь 1.5 метр өндөр ажээ.
Хөшөөний нээлтийн үеэр уг цогцолборт уран барималч Даши Намдаковын бүтээлийг дэлгэсэн “Нүүдэлчдийн ертөнц” үзэсгэлэн гарсан байна. Барималч 1967 онд ОХУ-ын Чита мужид төржээ. Түүнийг Сергей Бодровын “Монгол” киноны зураачаар ажиллаж, Оросын киноны дээд шагнал “Ника”-ийн “Шилдэг зураач” номинацад шалгарснаар нь монголчууд бид мэдэх билээ.