Австрали Ерөнхий консулын газраа нээнэ

Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр Австрали Улсын Ерөнхий консул Дейвид Лоусонд Монгол Улсад суух Ерөнхий консулын экзекватурыг энэ оны 4 дүгээр сарын 6-ны өдөр гардуулав. Энэхүү ёслолын ажиллагааны үеэр дэд сайд Г.Тэнгэр Монгол-Австралийн харилцаа өргөжин бэхжиж байгааг цохон тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 онд Австрали Улсад хийсэн айлчлалын дүнгээр Улаанбаатар хотноо Австрали улсын төлөөлөгчийн газар нээх асуудал ийнхүү биеллээ олж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн виз мэдүүлэх ажиллагааг хөнгөвчлөх үүднээс монгол иргэд Австрали улсад зорчихдоо Улаанбаатар дахь Ерөнхий консулын газраар дамжуулан виз мэдүүлж байх боломжийг судалж үзэхийг санал болгов.