Герман улс манайд 10 минж бэлэглэжээ.

Туул голд минж нутагшуулж, голын урсацыг нэмэгдүүлэх санаачилгыг хотын экс дарга Б.Мөнхбаяр гаргаж, уг ажил энэ онд хэрэгжиж эхлээд байгаа ажээ. Эхний ээлжийн 10 минжийг Герман улсаас 4 дүгээр сард авчирчээ. МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургуулийн доктор, профессор Р.Самъяа тэргүүтэй төслийн багийнхан Бавари мужийг зориод ирсэн байна.

Учир нь 1867 онд нэг ч минжгүй болсон Бавари муж сүүлийн 50-иад жилийн дотор 120 минжийг эдүгээ 120000 толгойд хүртэл нь өсгөөд зогсохгүй Румын, Унгар, Испани зэрэг оронд экспортолдог болжээ. Түүнчлэн байгаль орчны доройтлын эсрэг үйл ажиллагааг дэмжиж, манай улсад 10 минжээ бэлэглэсэн аж. Гаднаас авчирсан минжийг байгальд шууд тавих боломжгүй тул Хар усан тохойд минж үржүүлгийн төв барьсан байна. Мөн байр бэлэн болсны дараахан ОХУ-аас 20 минж авчрах болсон байна. Манай улсад 1974-2002 онд Монгол-Германы хамтарсан судалгаа шинжилгээний баг Булган голд зургаан удаа ажиллаж, Ховд, Тэс голд 72 минж амжилттай нутагшуулж байсан туршлага бий.