“976 ART GALLERY” Монголын дүрслэх урлагийн бүтээлийг дэлхийд таниулна

Дүрслэх урлагийн сор болсон бүтээлийг олон нийтэд таниулж, сурталчлах үзэсгэлэнгийн танхим нэгээр нэмэгдэж, “Max Mall”-ын тавдугаар давхарт “976 ART GALLERY” энэ сарын 5-нд үүдээ нээлээ. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг урлаг сонирхогчдод толилуулах, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буй уг галерейн хамт олон нээлтдээ зориулж төрийн шагналт, зураач Ц.Цэгмид, С.Саранцацрал, Ш.Чимэддорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин, МУЭ-ийн шагналт зураач Л.Бумандорж, Ц.Нарангэрэл, Д.Ганболд, А.Чадраабал нарын Монголын сор болсон 30 гаруй уран бүтээлчийн шилдэг бүтээлийг дэлгэсэн үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.

Галерейн нээлтийн үеэр зураач Р.Дүйнхоржавын хоёр бүтээлийг дуудлагаар худалдаж, эртний эдлэл цуглуулагч А.Алтангэрэл, бизнесмен Н.Наранмандах нар үнэ хаялцан худалдаж авлаа.