Харин дэлхийн хамгийн олон шонхортой улс бол Гренланд юм. Гэвч шонхорт дурлагч анчид тийшээ зүглэх нь маш ховор. Учир нь тэнд шувуудын хоол тэжээлээс гадна замын зардал, буудал, төрөл бүрийн үйлчилгээний үнэ хэт өндөр байдаг гэнэ. Угаас шонхор шувуу нь хэт хүчтэй, авд гарамгай шигээ маш ховдог. Нэг баримтад дурдахдаа анчид Исландаас Копенгаген орохдоо 90 шонхорыг хооллохын тулд найман бух, 136 хонь худалдан авсан хэмээн тэмдэглэсэн байна.
Дэлхийд тархсан нийт 28 зүйлийн шонхортны овгоос Монгол оронд арван зүйл нь урин дулаан цагт тархан байрладаг. Засгийн газрын зөвшөөрлөөр бариулдаг зүйл нь идлэг шонхор юм.
Манай улс амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай ковенцийн гишүүн орон билээ. Иймд уг ковенцийн хоёрдугаар хавсралтад орсон идлэг шонхор шувууг хамгаалах зорилгоор “Монгол орны идлэг шонхор хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан баталж, нөөц тахацын судалгаанд үндэслэн жилд бариулах шонхорын тоо тогойг тогтоож байна.