“Guide” төвийн захирал Ч.Буянбадрах “Зууны мэдээ” сонинд
... БАРИЛГААР БОЛ СУУРИА БАТ БӨХ ЦУТГАСАН ТАВАН ЖИЛ БАЙЛАА
Guide төв байгуулагдаад 5 жил болжээ. Нийт 800 гаруй хөтөч тайлбарлагчийг төгсгөж, монголын аялал жуулчлалын салбарт бага боловч бодит хувь нэмэр орууллаа. Барилга байшинтай зүйрлүүлэх юм бол сууриа бат бөх цутгаж бэхэлсэн таван жил гэж хэлж болно. Одоо сүндэрлүүлэн барих л үлдээд байна даа.
Анх энэ төвийг байгуулчихаад аялал жуулчлалын компаниуд руу уйгагүй ярьдаг байлаа. Манай төвөөс хөтөч тайлбарлагч аваачээ гэж. Одоо харин тэгэх ямар ч шаардлагагүй болжээ. Харин ч эсрэгээрээ “Guide төвд сураад ир” хэмээн манайхыг заагаад явуулдаг болсон байна. Энэ бол нэг талаар амжилт боловч нөгөө талаар хариуцлага юм.
Хөдөө явж ямар нэгэн жуулчны бааз дээр очиход “багш аа” гэж заавал хэн нэг нь дууддаг. Тэрүүхэн хооронд нэг л танил царай, хэн билээ, хэддүгээр төгсөлт билээ? гэж бодоод авдаг. Тийм л олон шавь нартай болсондоо баяртай явдаг. Олон залууст өөрийгөө хөгжүүлэх урам, аливааг хийж бүтээх хүсэл эрмэлзэл, зорилго бий болгосон. Тэдний эдийн засгийн орлогыг сайжруулж, эцэг эхээсээ байнга гуйж амьдардаг байдлыг бага боловч багасгасан гэж боддог.
“Манай хүүхдийг заавал хөтөч тайлбарлагч болгох гэсний хэрэггүй ээ, нас нь арай багадах байх, харин монгол эх орных нь тухай, гадаад хэлнийхээ чадварыг хэрхэн яаж дээшлүүлэх талаар л сайн ойлгуулчихвал болно” гэх эцэг эхчүүд ч зөндөө ирдэг болжээ. Тэдгээр эцэг эхчүүдэд миний хэлэх дуртай үг бол “та зөв шийджээ, та ч тэр, танай хүүхэд ч тэр энд сурсандаа хэзээ ч харамсахгүй ээ” гэж хэлдэг. Эцэг эхийнх нь хүүхэддээ зориулж буй тэр мөнгийг нь маш сайн оюуны хөрөнгө оруулалт болгохыг хичээдэг.
Хичээл заадаг багш нар маань суралцахаар ирсэн бүх л хүмүүст жинхэнэ үлгэр жишээ болдог. “Ийм бага залуу настай байж яаж энэ мэдлэгийг эзэмшдэг байна аа, ямар чадварлаг багшилдаг юм бэ” гэж гайхдаг. 2006-2008 онд энэ төвд ирж суралцаад шууд багш болж бэлтгэгдсэн хөтөч тайлбарлагч залуус олон бий. Өөртэйгөө чацуу, өөрөөсөө ах эгч насны хүмүүст хичээл заана гэдэг амаргүй даваа хэдий боловч тэдгээр шавь нар маань үнэхээр авъяастай. Одоо ч намайг хол хаяхаар багш нар болоод байгаа.
Аялал жуулчлалын хөтөч гэдэг бол аливаа аяллын амин сүнс нь юм. Хөтөчийн ур чадвараас шалтгаалж тухайн жуулчин дахиад ирэх үү, ирэхгүй юу, монгол гэж ямар орон юм бэ, монгол хүн гэж ямар хүн юм бэ гэх мэт олон зүйл шийдэгдэж бас танигддаг.
Аяллын хөтөч хийснээр тухайн хувь хүн гурван чиглэлээр хөгждөг. Нэгд, хариуцлагатай, сахилгатай, хувийн зохион байгуулалттай, аливааг бие даан шийдвэрлэх чадвартай болно, багаар ажиллах арга барил эзэмшинэ. Хүмүүстэй харилцах харилцаан дээр хүртэл өөрчлөлт гардаг. Хоёр дахь нь Монгол орныхоо олон газраар аялж эх орноо танин мэдэхээс гадна хамгийн чухал болоод байгаа мартагдаж буй монгол ахуй зан заншлаа мэддэг болно. Гурав дахь өсөлт хөгжилт нь аливааг орчуулан тайлбарлах зөв арга барилыг эзэмшинэ, гадаад хэлний ярианы чадвар нь хөгжинө. Гэвч ирж байгаа жуулчин хэн нэгэн оюутны гадаад хэлний ярианы дадлагын бай болох гэж ирдэггүй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Аялал жуулчлал бол аливаа хүнийг аз жаргалтай болгодог бизнес. Жуулчид өөрсдийгөө сэтгэл хангалуун байлгах гэж, сонссон дуулснаа танин мэдэх гэж, бодитоор харах гэж, мэргэжлийн хөтөч жолооч нараар үйлчлүүлэх гэж мөнгө төлж ирдэг. Тийм байтал “би энэ газарт анх удаагаа л ирж байна, би яриагаа сайжруулах гэж хөтөч хийж байгаа” гэх мэтчилэн хэлээд зогсож байж болохгүй. Тэр бэрхшээлээс гаргах гэж л энэ сургалтыг зохион байгуулдаг.
Нэг удаагийн элсэлтийн суралцагч нараас судалгаа авч үзэхэд танил найз нөхөд, хамаатан саднаасаа сонсоод ирлээ гэх суралцагч 90 гаруй хувийг эзэлдэг. Гэвч аливаа байгууллагын менежмент гэдэг утгаар нь байнга л зар сурталчилгааг зохион байгуулж өөрсдийгөө байгаа шүү гэдгийг сануулахыг хичээдэг.
Монгол аяллын хөтөч гэдэг бол “бүхнийг чадагч” байдаг. Тухайлбал, удирдан зохион байгуулагч, сэтгэл зүйч, газарзүйч, түүхч, угсаатны судлаач, шашин судлаач, биологич, тогооч, бараг заримдаа эмч сувилагч хүртэл болно. Энэ бол монголын аялал жуулчлалын нэг онцлог гэдгийг ямагт санах хэрэгтэй.
Хамгийн энгийнээр бодоход майхан барьж сурна, кофе найруулж сурна, өглөө эрт босож сурна, ширээ засаж сурна, багахан хүнсээр хоол хийгээд сурчихна, гал түлж сурна, фото зураг авч сурна, хог хаана хаяхыг хүртэл сурна, ядаж хүнтэй мэндэлж сурна. Аяллын хөтөч болно гэдэг бол алхам тутамдаа суралцаж байдаг амьдралын сайн дадлага юм.
Guide төвийн уриа бол “чанартай сургалт”. Оффист маань “Гурван S” зарчим байнга мөрдөгддөг. “Smile, speed, sure”. Сүүлийн үед хөдөө орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх боломж, орон нутгийн хөтөч бэлтгэх гэх мэт чиглэлүүдээр сургалт зохион байгуулж байна. Үйл ажиллагааны хүрээ өргөжих тусам хийж судлах зүйл их болж улам л завгүй болох хандлагатай байна.
Аялал жуулчлалын салбарынхандаа болон хөтөч тайлбарлагч нартаа зориулж “Монгол орны лавлах” хэмээх номыг 2008 онд эмхэтгэн гаргасан. Энэ ном маань их дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутнуудын заавал унших номын жагсаалтанд орсонд их баяртай байдаг. Анхны хэвлэл болохоор андуурч ташаарсан, дутуу дулимаг зүйл бий. Одоо хоёр дахь хэвлэлээ дуусгаж байна. 700 орчим нүүртэй, B5 гэсэн хэмжээтэйгээр хэвлэгдэх бөгөөд 8 редактор ажиллаж шүүсэн байгаа. Удахгүй худалдаанд гарна.
Guide төв жил бүр зохион байгуулдаг олон уламжлалт ажлуудтай болжээ. Түүний нэг нь “Туул гол” цэвэрлэгээний аян 2008, 2009, 2011 онд зохион байгуулагдсан. Хог хаяна гэдэг нь ямар хортой болохыг ойлгуулах, нэг суралцагчийн ард байх гэр бүл, найз нөхдөд энэ талаар хүргэх зорилготой. Ядаж тамхины ишээ гадаа шууд биш хогийн саванд хийлгэдэг болгочихвол амжилт юм гэж бодож явдаг.
“Бахархалт монгол орон” аяллыг 2007, 2008, 2009, 2011 онд тус тус зохион байгуулсан. Нийтдээ 6000 гаруй км аялсан. Манай төв жуулчны хөтөч бэлтгэж аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг учраас эх орны хаана юу өөрчлөгдөж, шинээр юу бий болж байгааг мэдэж байх ёстой. Тийм учраас багш нарын дадлага судалгааны шинжтэй байхаас гадна шилдэг суралцагч нараа дагуулан явж тэдэнд аяллын хөтөч хийнэ гэдэг ямар ажил болохыг ойлгуулахыг зорьдог юм.
“Амжилттай аялал-чадварлаг хөтчөөс” нээлттэй семинарыг МАЖХ-той хамтран 2009, 2010 онд тус тус зохион байгуулсан. Хөтөч тайлбарлагч нарын гадаад хэл дээр илтгэх чадвар, оновчтой тайлбар хийх арга барилыг дээшлүүлэх, жуулчны компаниудад хөтөч нарыг зуучлах зорилготой.
2012 оны хичээлийн жилийн хамгийн эхний сургалт 1 дүгээр сарын 16-нд эхэлсэн. Сургалтын эхний 3 долоо хоног монгол хэл дээр лекц хэлбэрээр, дараагийн 2 долоо хоног англи, орос, герман, япон, солонгос, хятад, испани, франц хэл дээр орчуулан тайлбарлах дадлага хэлбэрээр, 6 дахь долоо хоногт музей тайлбарлах, хоттой танилцах аяллыг газарчлах дадлага, орон нутгийн замд газарчлах дадлага, монгол айлд зочлох, морь унах техник тайлбарлах зэрэг дадлагуудыг зохион байгуулна. 7 дахь долоо хоногт шалгалт зохион байгуулж сертификатаа гардуулж жуулчны улиралд ажиллуулах хөтөч тайлбарлагч нараа сонгон авна.
Guide төв нь олон улсын Мерси кор, Архангай аймгийн аялал жуулчлалын газар, Дорноговь аймгийн Данзанравжаа судлалын академийн захиалгын дагуу “Орон нутгийн хөтөч”, “Орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх” чиглэлээр богино хугацааны сургалт, MCS-Tiger үйлдвэр, New com, Хүүхдийн халамжийн Өгөөмөр төв зэрэг байгууллагад англи хэлний урт ба богино хугацааны сургалт, “Тогтвортой амьжиргаа төсөл”, “Дэлхийн зөн”, “Логарифм” дунд сургууль, 44 дүгээр сургууль зэрэг байгууллагын захиалгын дагуу хоттой танилцах аялал болон 5-6 өдрийн морин аяллуудыг амжилттай сайн зохион байгуулсан билээ.
Тус төв нь 2006-2011 онд нийт 400 орчим хөтөч тайлбарлагч, 80 гаруй аяллын жолооч, аяллын тогооч, тусгай аяллын хөтөчийг ажлын байранд зуучлан хамтран ажиллажээ. 2007 онд “Итгэл хүлээсэн хамт олон”, 2009 онд “Салбартаа тэргүүлэгч – Шилдэг хамт олон”-оор тус тус шалгарчээ.
2009 оны 5 дугаар сард Токио хотод “Таны мэдэхгүй Монгол? Монголыг нээж илрүүлэх аялал” сэдвийн дор зохион байгуулагдсан “Хаврын баяр - 2009” наадамд “Монголыг нээцгээе – байгаль, түүх, соёлын онцлох 7 зүйл” сэдвээр илтгэл тавьж оролцсон.
“Guide” Жуулчны мэдээллийн төв 2010 оны жуулчны улирал буюу 5-р сарын 1-нээс 9-р сарын 15 хүртэл нийт 2157 жуулчинд, 2011 оны жуулчны улиралд 3089 жуулчинд монголын аялал жуулчлалын талаар мэдээлэл өгч үйлчилжээ. Тус төвийн мэдээллийн сайт www.touristinfocenter.mn –ийг өдөрт дунджаар 700-800 зочин нээн үзэж байна.
Утас: 320493, 99247656, 99903166, 94993166
Website: www.mongolianguideschool.com , www.touristinfocenter.mn
E-mail: info@mongolianguideschool.com , guide_tours@yahoo.com