Япончууд Монгол орныг дэлхий дахинд сурталчилж эхэлжээ. Японы томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол орны зан заншил, онгон дагшин байгаль, байгалийн баялаг, нөөцийн талаар шуугиж байна. Өнгөрсөн зургадугаар сард Японы “NHK”, ”BS”, “TBS”, “Асахи” телевиз, “Кёодо Цушин”, ”Жижи цушин” мэдээллийн агентлаг, өдөр тутмын ”Санкей”, ”Ёмиүри”, ”Никкэй”, ”Асахи”, “Майничи” сонин, долоо тутмын “Шуукан Асахи”, ”Никкан гендай” сэтгүүл, сурталчилгааны “Сансет” агентлаг зэрэг хэвлэл мэдээллийн томоохон групп манай оронд ажиллаад буцсан байна. Ингэхдээ манай орны аялал жуулчлалын бүс, байгалийн дурсгалт газар болон дэлхий дахинд танигдах гол үндэс болсон ашигт малтмал, орд газруудаар явжээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж, манай эх орны баялгийн талаар яриулжээ. Тэд бидний тухай нийтлэл, нэвтрүүлгийг өдөр бүр цацаж байгаа ажээ. Тухайлбал, “NHK” телевизийн олон улсын ”BS” сувгаар энэ сарын 16-ны өдөр Монголын тухай богино хэмжээний тусгай нэвтрүүлэг гарчээ. Уг нэвтрүүлгээр Монгол орны байгалийн дурсгалт газрууд, малчдын амьдралын хэв маяг, соёл уламжлал тэр дундаа орд газрууд, байгалийн баялгаараа дэлхийд хэрхэн танигдаж байгаа талаар харуулахыг зорьсон байна. Мөн өдөр тутмын хэвлэлүүдээр “Дэлхийд нөөцөөрөө гайхуулах асар том нүүрсний орд”, ”ашигт малтмалын их гүрэнг цогцлоох зам” зэрэг гарчигтай цуврал нийтлэлүүд гарч байгаа ажээ. Энэ нь манайхтай бүх талаараа хамтран ажиллах санал бүхий найрсаг сурталчилгааны нэгээхэн хэсэг бөгөөд цаашид ч үргэлжлэх гэнэ.