“Оюутолгой” компаниас соёл урлагийн салбарт томоохон төсөл хэрэгжүүлж буй. Монголын түүх, соёлын үнэт дурсгалт болох хуурын төрлүүд болон эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсгүүдийг сэргээн урлаж, Монголын соёлын өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах “Язгуур эгшиглэн” төслийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлсэн бөгөөд ажлын үр дүнг ч үзэж эхлэжээ. Монгол туургатны нэн эртний язгуур хөгжмийн зэмсгийг сэргээн урлах, шинжлэх ухааны арга зүйн үндсийг боловсруулах, хойч үед өвлүүлэх, монгол хөгжимчмд үндэснийхээ хөгжмийн зэмсгийг эзэмшин олон улсын хөгжмийн тэмцээн, айлчлан тоглотод оролцох, үзэсгэлэн гарган танилцуулах, үндэсний технологийн ололт, оюуны гайхамшгийг дэлхий дахинд сурталчлах, зохиогчийн эрхийг хамгаалах боломжийг бий болгох зорилготой уг төслийг хөгжим урлаач, соёлын тэргүүний ажилтан Л.Дэмчиггарав санаачилж, “Оюутолгой” компани дэмжжээ.
Төсөл хэрэгжүүлэгчид төрийн ятга, ахуй их ятга, шөрмөсөн ятга, хун ятга, хөлтэй нумт ятга, чулуун царгил, луут бишгүүр, биба, хун хуур, арслан хуур, луун хуур, аралт хуур, шоор хуур зэрэг Монголын хаадын өргөөнд тоглож байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн 34 төрлийн хөгжмийн зэмсэг бүтээхээр төлөвлөсөн бөгөөд урлах ажил энэ сард дуусах аж. Тэд эдгээр хөгжмийн зэмсгийг тоглолтод ашиглах боломжтойг харуулах тайлан тоглолт хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх саналыг БСШУЯ болон мэргэжлийн урлагийн байгууллагууд санал тавих аж.