Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрэмийн Шороон бумбагар хэмээх газраас 550 гаруй олдвортой бунхант булш олджээ. Профессор А.Очир, С.Харжаубай нарын удирдсан Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Казахстан улсын Евро Азийн их сургуулийн Түрэг, алтай судлалын төвийн хамтарсан судалгаагаар олдсон тус олдвор нь эртний нүүдэлчдийн том язгууртны иж бүрэн бунхан гэнэ. Бунхны үүдэвч нь 42 м урт, 180 см өргөн, 7.5 м гүн аж. Үүдэвчний хоёр хана болон бунханы хананд 40 гаруй зурагтай бөгөөд ийм ханын зурагтай бунхан нь урьд Монголоос төдийгүй, Төв Азийн бүс нутгаас олдож байгаагүй юм байна. Уг бунхан нь тоногдоогүй бүтнээрээ байсан нь маш ховор тохиол гэнэ. Иймээс судлаачид уг бунханг баялаг олдвортой “Эртний нүүдэлчдийн урлагийн галерей” гэж нэрлэж байна.Тус олдворын 150 орчим нь алтан, 110 гаруй нь шавар, модон, 17 нь төмөр, хүрэл, 12 ширхэг нь мөнгөн эдлэл аж. Энэхүү булшийг судлаачид VII зууны үед Монголын нутагт оршиж байсан түрэг угсаатны нүүдэлчдийн нэгэн язгууртных хэмээн тодорхойлж байна. Малтлагын үеэр Хархорум музейн баг хамтран ажиллаж, илэрсэн олдворуудыг бүртгэх, баримтжуулах, зөөвөрлөх, олдворуудыг нэрлэх, сан хөмрөгтөө байрлуулах зэрэг ажлыг хийжээ. Удахгүй бунхнаас олдсон олдворуудаар үзэсгэлэн гаргаж, олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаар ярилцах гэнэ.