Нарлаг монгол

Манай орон яагаад эрс тэс уур амьсгалтай билээ. Эх газрын төв хэсэгт буюу их өндөрлөгт, далайгаас алслагдан оршдог учраас тэр. Өвөл нэгдүгээр сард 50 градусаар давж хүйтэрнэ, зун долдугаар сард 40 градус хэтэрч хална. Түүнчлэн нэг хоногийн температурын зөрөө 30 градус хүрэх тохиолдол цөөнгүй аж.

Хэдийгээр ийм эрс тэс уур амьсгалтай ч Монголд жилийн 250 хоног нартай буюу дэлхийн хамгийн цэлмэг тэнгэртэй улс. Нар гийдэг хугацаа нь үүнийг дагаад хамгийн их, дунджаар 2600-3300 цаг болдог байна. Өөрөөр хэлбэл, Монгол бол дэлхийн хаана ч байхгүй нарлаг орон.

Гэхдээ өвөл цас бага орно, агаар ерөнхийдөө хуурайвтар, чийг харьцангуй бага. Гандуу жил нутгийн хойд хэсэгт 300-400, өмнөд хэсэгт 200  мм-ээс бага тунадас унадаг байна. Харин өмнөд хэсгээр ялангуяа хавар салхитай өдөр олон. Салхины хурд өмнө зүгийн нутгаар хавартаа дунджаар долоон м/с байдаг бөгөөд 40 м/с хүрэх ч тохиолдол бий.