Морин хуурын аялгуунд “Монголын сайхан орон”-оо тольдоорой

Морин хуураа дээлэн, дэлгэрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд Морин хуурын олон улсын III их наадмыг ирэх дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа билээ.  Наадмыг Дэлхийн морин хуурын холбоо, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан, “Пегасус” төв хамтран зохион байгуулах аж. Наадамд Монгол, Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, ХБНГУ, Францын 200 гаруй морин хуурч болон сонирхогч, эрдэмтэн судлаачид оролцохоор болсон байна. Энэ үеэр олон улсын морин хуурчид Э.Чойдогийн “Монголын сайхан орон”, З.Хангалын “Эрдэнэсийн уул” бүжгэн жүжгийн адажио, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, “Цагаан суварга”, Чи-Булагийн “Мандах нар” зэрэг бүтээлийг эгшиглүүлэх гэнэ. Мөн арга хэмжээний үеэр болох эрдэм шинжилгээний хурлаар монголчуудын морин хуурын сургалтын арга, онцлог болон монгол хүний сэтгэлгээнд хэрхэн нөлөөлсөн зэрэг сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж илтгэл тавих гэнэ.