Агаарын их даралтын азийн төв

Монгол Улс дэлхийн бусад оронд гайхуулах, онцлог газар нутаг олонтой. Эдгээр гайхамшгийн нэг бол өвлийн цагт манай нутагт дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын агаарын их даралтын төв тогтмол үүсдэг юм байна. Увс, Хяргас нуурын хотгорыг хамарсан энэ нутгийг газарзүйн ухаанд агаарын их дааралтын Азийн төв гэж нэрлэдэг. Мөн дэлхийн бөмбөрцгийн хойшоо хамгийн их түрж орсон манхат элс нь Увс аймгийн Зүүнговь сумын нутаг дахь Бөөрөгийн элс ажээ. Энэ элсний хойд зах нь хойд өргөргийн 50 градус 18 минутад хүрсэн байна. Ингэснээр Канадын өмнөд хэсэгтэй зэрэгцэж байдаг гэнэ. Түүнчлэн дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын урагшаа түрж орсон ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах манай Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Дарагт уул хавьд хүрсэн байна. Энэ нь Газрын дундад тэнгисийн хойд эрэгтэй бараг зэрэгцдэг гэсэн үг. Бөөрөгийн манхат элс, цэвдгийн хамгийн урд зах хоёр нь хоорондоо 700 орчим км зайтай. Харьцагуй ийм бага зайд говь цөл нь хойшоо, цэвдэг хөрс нь урагшаа түрж зөрчихсөн газар энэ ертөнцөд монголоос өөр газар байдаггүй юм байна.