Ус чандмань эрдэнэ

Өнөөдөр олон улсын гол, мөрөн хамгаалах өдөр. 15 дахь жилдээ зохион байгуулж буй энэ өдрийн хүрээнд дэлхийн улс орнууд гол усаа хамгаалж, цэвэрлэж, эвдэрсэн далан, гүүрийг нурааж, ширгэсэн голоо сэргээх зэрэг олон арга хэмжээ явуулдаг байна. Харин манай орны хувьд далан гэхээсээ илүү уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал болон уул уурхайн олборлолтод гол мөрнүүд өртөж, ширгэх нь ширгэж, бохирдох нь бохирдсоор байна. 2003 онд Монгол улсын хэмжээнд анх удаа хийсэн гадаргын усны тооллогоор манай орны 702 гол горхи, 760 нуур тойром, 1487 булаг шанд ширгэсэн гэсэн аймшигтай тоо гарсан. Дөрвөн жилийн дараа дахин тоолоход мөн 887 гол горхи, 2096 булаг шанд, 1168 нуур тойром ширгэсэн байв. Харин хур бороо элбэгшсэний буянаар өнгөрсөн онд явуулсан тооллогын дүнд түр урсгалтай олон гол горхи сэргэж урссан. Гэхдээ бохирдлын асуудал хүнд байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Архангай аймгийн цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан алт олборлодог компаниудын үйл ажиллагаанаас болж Орхон гол улаанаар эргэлдсэн. Дэлхийн гадаргын дөрөвний нэгийг ус эзэлдэг ч дийлэнх нь давстай бөгөөд хөлдүү байдаг. Түүнчлэн манай гаригийн цэвэр усны нөөцийн 70 хувь нь Антарктидийн мөсөнд “цоожлоостой”. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас болж сүүлийн жилүүдэд цэвэр усны нөөц эрчимтэй багасаж байгааг олон улсын эрдэмтэд анхааруулсаар байгаа.

Тиймээс чандмань эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалах ажилд дэлхий нийтээрээ хүчээ нэгтгэжээ. Уг гол мөрнөө хамгаалах хөдөлгөөнийг анх 1998 онд эхлүүлсэн бөгөөд 20 гаруй улсын 50 орчим голыг хамгаалж чадсан байна.