“Би монгол” адал явдалт, эрсдэлтэй аяллын хоёр дахь гараа эхэлжээ

Аялал жуулчаллын үндэсний төв, Монголын автомашин, мотоциклийн спорт холбоо, Хил хамгаалах ерөнхий газар, NTV телевизтэй хамтран Монголд анх удаа “Би монгол” нэртэй хил орчмын адал явдалт болон эрсдэлтэй аяллыг зохион байгуулж байна. Энэхүү аяллын гол зорилго нь хил орчмын адал явдалт экстрем аяллыг хөгжүүлэх, Монгол орны хил орчмын аж амьдралыг олон түмэнд сурталчлан таниулах, цаашид уламжлал болгон зохион байгуулах явдал аж. Мөн эр зориг, тэсвэр, тэвчээр шалгасан аялалд Монголын автомашин, мотоциклийн спорт холбооны нарийн бичгийн дарга Д.Батзориг, NTV телевизийн зураглаач Л.Отгоны хамт явж буй юм. Тэд нэгдүгээр сарын 15-аас хоёрдугаар сарын 27-нд буюу ид хүйтнээр Монголын баруун аймгууд болон хойд хил дагуу нэгдүгээр хэсгийн эрсдэлтэй авто аяллаа амжилттай дуусгаад ирсэн байна.

Аялал жуулчлалын үндэсний төвийн Марктингийн хэлтсийн мэргэжилтэн Д. Жавхлан “Энэ бол нилээд тэсвэр тэвчээр шаардсан аялал гэж болно. Манай аялагч Д.Батзориг гуравдугаар сарын 6-нд Улаанбаатар хотоос хоёрдугаар хэсгийн аяллын гараагаа эхэлсэн. Одоо Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гээд монгол орны зүүн болон өмнөд хилийн дагуу адал явдалт аяллаа үргэлжлүүлж байгаа аж. Энэ удаагийн аяллаар 7000 гаруй км зам туулахаар төлөвлөсөн. Аялагч маань гурван ханатай гэртэй явж байгаа” хэмээн ярилаа.