Монголын мал 15 саяар өснө

Монголын эдийн засгийн суурь салбар гэгддэг мал аж ахуйн салбарт энэ жил хамгийн олон төл хүлээж авахаар төлөвлөжээ. Өнгөрсөн оны тооллогоор 36.8 сая мал тоолуулсан бол энэ хавар 15 саяас доошгүй төл хүлээж авна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай мэдэгдлээ. Энэ талаар тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуягаас лавлахад, “Энэ хавар 16 сая хээлтэгч тал төллөхөөр байна. Нийт малын 87 хувь нь хээлтүүлэгт ороод байхад бид энэ жил 15 сая төл хүлээн авна гэсэн үг. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 402 мянган төл хорогдол хүлээн аваад байна. Мал төллөлт энэ сарын 1-нээс эхэлж тавдугаар сарын 28-нд дуусах төлөвтэй байна” гэлээ.