Агнуурын трофей гэж чухам юуг хэлдгийг та мэдэх үү. Уг нь трофей гэдэг нь ялалтын тэмдэг гэсэн франц үг ажээ. Энэ нь монголчуудын ангын ганзага буюу шилдэг олз гэсэн ойлголттой бараг утга нэг юм. Манай анчид ан ав хийснийхээ хишгийг ерөөж ганзага мялаах, ганзага хуваах, ганзага тараах зэрэг зан үйлийг хийдэг уламжлалтай байв. Харин сүүлийн үед ан хийсний билэг тэмдэг болгож, эвэр, толгойн гавлын яс, соёо, савар, хумс зэрэг эд эрхтэнийг нь цуглуулан хадгалдаг заншилтай болсон. Өөрөөр хэлбэл, амьтны эдгээр эрхтэн нь ангын трофей юм.
Мөн тухайн анчны агнуурын чадварыг трофей нь харуулдаг дэлхийд тогтсон жишиг бий. Манай улсын хувьд ангын трофей нь хэмжээгээрээ дэлхийд томд тооцогддог бөгөөд үзэмж, үзэсгэлэн төгөлдрөөрөө гайхагддаг аж. Гэхдээ байгаль орчныг хамгаалах тухай хуулиар агнахыг зөвшөөрдөг амьтдын тоонд өнөөдөр зэрлэг гахай, бор гөрөөс, загас, цагаан зээр, шувуу зэрэг байдаг. Үүнтэй холбоотойгоор агнуурын трофей гэдэг ойлголтыг монголд хэрэглэх боломжгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.