“Өвлийн наадам 2012”-ын
хүрээнд зохион байгуулж буй бүргэдийн баяр өчигдөр “Чингисийн хүрээ” жуулчны
баазад боллоо. Тус наадамд эзнээ дуугаар нь хамгийн түрүүнд олж очсон, үнэгний арьсийг
хурдан шаламгай шүүрсэн, амьд туулайг сурамгай агнасан бүргэдийг тус бүрт нь
шалгаруулсан юм. Мөн энэ үеэр Казах үндэсний уламжлалт наадам болох тулам
булаалдах тэмцээн зохиолоо. Улсын хэмжээнд тав дахь жилдээ зохиож буй энэхүү
баярт Баян-Өлгий аймгаас шилдгээр шалгарсан хорин бүргэдчин оролцов. Тэдний хамгийн
ахмад нь 55 жил бүргэд сургасан 82 настай Э.Баяты байв. Тэрээр “Бүргэдээр ан
хийлгэх уламжалал 2000 жилийн түүхтэй. Манай удам долоон үеэрээ бүргэд
сургасан. Энэ уламжлалыг цаашид үргэлжлүүлж, залуу халаагаа бэлдэхийн тулд нас
өндөр гэлгүй холоос зорьж ирлээ” хэмээн ярив. Тэмцээн зохион байгуулж буй
талбай руу үзэгчдийг оруулахгүйн тулд цагдаагийн ажилтнууд хамгаалалтад гарсан
байна. Учир нь өнгөрсөн жилийн баярын үеэр тод хувцастай хүн рүү бүргэд дайрсан
тохиолдол гарсан учираас ийнхүү аюулгүй байдлыг хангасан гэнэ. Түүнчлэн үнэг,
чоно гэх мэт том амьтан агнуулдаг байсан бол энэ жил туулай бариулдаг болсон
байна.