Монгол цэргийн музей тэгш тоотой саруудад “Музей нүүж
явна” хөтөлбөрөө нийслэл болон баруун аймгуудын Зэвсэгт хүчний цэргийн ангиудад
толилуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, музейн хамт олон тойрон аялал хийж, үйл
ажиллагаагаа сурталчлах, монгол цэргийн түүхэнд холбогдох эд өлгийн судалгаа,
ахеологи, судлалын талаар лекц унших, орчин үеийн техник, технологийн дэвшлийг
албан ажил анги байгууллагын сурталчилгаанд ашиглах тухай зааварчилгааг өгөх зорилгоор
Зэвсэгт хүчний жанжин штабын АУГ-ын Иргэний-цэргийн харилцааны хэлтэстэй
хамтран ажиллахаар төлөвлөжээ. Тиймээс “Музей нүүж явна” хөтөлбөрийнхөө луу
жилийн анхны салхыг Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас эхэлжээ. Түүнчлэн музейн
удирдлага болон эрдэм шинжилгээний ажилтнууд, зураач нар 303 дугаар ангид музей
танхимууд болон үзэсгэлэнгүүдийн видео бичлэг, үзмэрийн гэрэл зургийн электрон
цомог, мэдрэгчтэй дэлгэц зэрэгт түшиглэн цахим хэлбэрээр музейг сурталчлан
тайлбарлан танилцуулснаас гадна эрдэм шинжилгээний ажилтнууд “Музей судлал-үзүүллэг
зохион байгуулалтын тухай”, “Монголын археологи судлал” сэдвээр лекц уншсан
байна. Дараагийн “Музей нүүж явна” хөтөлбөр Зэвсэгт хүчний 016 дугаар ангид үргэлжлэх
юм байна.