Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэлчдийн
өвөл” наадмын хоёрдугаар хэсэг “Мөсний баяр”-аар энэ сарын 2-3-нд хөвсгөл аймгийн
Хатгал, Алаг-Эрдэнэ зэрэг суманд эхэлнэ. Энэ үеэр чаргатай морьдын мөсөн дээрх бооцоот
уралдаан, олон улсын тэшүүрийн марафон, мөсний сумо, “Цаатан фестиваль” сайхан
монгол дээлтэй гаднын зочин шалгаруулах зэрэг алга хэмжээ болох аж. Нөгөөтэйгүүр
Монголд өвлийн жуулчлалыг хөгжүүлэх улмаар өвлийн аялал жуулчлалын хугацааг
уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далайн болон хүрээлэн буй
байгалийн үзэсгэлэнт тогтоцыг хамгаалах зорилгоор уг баярыг зохион байгуулдаг
билээ. “Мөсний баяр” бөөгийн ёслолоор хөшгөө нээж уран бүтээлчдийн тоглолтоор
үргэлжлэх юм байна. “Нүүдэлчдийн өвөл” наадмын хүрээнд нэгэн өвөрмөц арга
хэмжээг зохион байгуулж байгаа нь энэ сарын 5-нд “Чингисийн хүрээ” жуулчны
баазад болох “Бүргэдийн баяр” юм. Монголын нүүдэлчид эрт дээр үеэс шонхор,
бүргэд, хавцгай зэрэг шувуудаар ан хийлгэж байсан түүх бий. Энэ тухай Монголын
нууц товчоонд өгүүлснээр “Добу мэргэн,
Дува сохор ах дүү хоёр нэгэн цагт эв эвдрэлдэн муудалцаж, ах нь Онон мөрөн өөд
орог хул морио унан, хавцгай шувуугаар ан бариулан, гэдсээ тэжээн, эсэн мэнд ах
дүү хоёр эргэн уулзсан” түүх бий. Жигүүртнээр ан хийх уламжлалыг найман зууны
турш үргэлжлүүлэн гаршуулан, ан агнуулан, ахуй амьдралдаа ашиглаж ирсэн нь
казах түмэн билээ. Энэ удаагийн “Бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгийн 10 сумаас
шигшигдсэн шилдэг 22 бүргэдчин оролцож бүргэдээ хэрхэн сайн сургаж дасгаснаараа
өрсөлдөх аж. Мөн наадамд оролцогчдоос хамгийн сайхан үндэсний хувцастай,
бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинг шалгаруулж тэдний дундаас хаан
бүргэдчинг тодруулах юм байна. Казахын алдарт “Шувуучлахуй ан” буюу бүргэдийн
баяр нь 2000 жилийн түүхтэй, ЮНЕСКО-гийн соёлын үнэт нандин өвд бүртгэгдсэн
өвөрмөц цэнгээн билээ.
Энэ жилийн “Нүүдэлчдийн өвөл” наадам “Тэмээний баяр”-аар
хаалтаа хийх юм байна. Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь
нэмэгдүүлэхэд олны анхаарлыг хандуулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор
зохион байгуулдаг “Тэмээний баяр” Өмнөговь аймгийн Булган суманд болох ажээ. Уг
баяраар “Тэмээн поло” болон “Тэмээ-миний найз” сэдэвт гар зураг, шүлэг, гар урлалын
уралдаан зoхиогдохын сацуу ингэний сүү, төрөл бүрийн цагаан идээ, ноос
ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох юм байна. Сонирхуулахад,
өнгөрсөн жил Өвөрмонголд 555 тэмээний уралдааныг зохион байгуулж Гиннесийн дээд
амжилт тогтоосон билээ. Тэгвэл монголын аялагчдын холбооноос 2013 онд 1000
гаруй тэмээ уралдуулж дээд амжилт тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.