ОХУ-ын “Ерөнхийлөгч”-өөр I Петр хаан сонгогдож, Чингис хаан аман хүзүүдэв

Ирэх сарын 4-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж санал хураах ажлын ерөнхий зарчим, зохион байгуулалт болон техникийн ажиллагааны дүрэм журамтай танилцуулах сорилго буюу туршилтын сонгуулийг энэ сарын 25-нд Москвад зохион байгууллаа. “Ертөнцийн хувь заяаг шийдвэрлэгчид” нэртэй нээлттэй урьдчилсан “сонгууль”-д Чингис хаан, I Петр хаан, Александр Македонский, Наполеон Бонапарт, Уинстон Черчиль нарын дэлхийд нэртэй таван удирдагчийн нэрийг дэвшүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Сонгуулийн төв хорооноос зохион байгуулсан уг арга хэмжээнд Москвагийн жирийн иргэдээс эхлээд сонгуульд нэр дэвшигчид ч оролцсон байна. Энэхүү арга хэмжээний дүн гарч, ОХУ-ын “Ерөнхийлөгч”-өөр ард түмэндээ Их хаан хэмээн өргөмжлөгддөг I Петр хаан сонгогдов. Түүний дараа Чингис хаан аман хүзүүдсэн бол Александр Македонский гуравт оржээ. Наполеон, Черчиль хоёр адилхан санаатайгаар дөрөвт жагссан байна.