1686 онд төв, халх, баруун Монголын хаад ноёд, хувилгаад “Хүрэн бэлчир” гэдэг газарт цугларч, найрамдлын их хуралдааны дараа шашны эл зан үйлийг эхлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш халхын олон хийдэд Алтан Майдарыг ногоон морь бүхий дөрвөн дугуйтай тэргэн дээр залж, хийдийн гадна талаар тойрч, эргэдэг заншилтай болсон. Их хүрээнд Богд Жавзандамба хутагтын санаачилгаар Жадаран аймгийн хамба Лувсанхайдав Майдарын дуганыг бүтээсэн үеэс Хүрээ Майдар эргэх ёслолыг 1834-1936 онд 103 удаа тасралтгүй үйлджээ.
Майдарын дуганд хэрэглэж байсан ногоон морины эх баримал өдгөө “Ногоон морь” галерейд хадгалагдаж байгаа. Энэ бүтээлийг 1999 онд Нидерланд улсад болсон “Dancing demons of Mongolia” үзэсгэлэнд оролцуулжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагч энэ үзмэрийг сонирхон судалж, XX зууны гэрэл зургаас эх авч, “Ногоон морь” галерейд буй Майдарын тэргийг бүтээн 2000 оны есдүгээр сард Дүрслэх урлагийн музейд бэлэглэжээ. Ногоон морьт тэргийг Сибирийн царс, модоор Амстердамын Урлагийн академийн сийлбэр, мужааны ангийн оюутнууд урлаж, үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон. Дээрхийн гэгээн XIV Далай лам тэргэнд залсан Майдар бурханыг шүншиглэсэн түүхтэй.