“Нью-Тур” компаниас шиний нэгний өглөө Чингис хаан цогцолбороос нар харах арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Үүрийн 5.10 минутаас Баянгол зочид буудлын урдаас нэгдсэн журмаар автобус хөдөлж, Чингис хаан хөшөө цогцолбор дээрээс ургах нартай золгож, хангай дэлхийдээ идээ будаа өргөх ёслол болно.
Сар шинийн эдгээр аяллаас гадна манай өвлийн аялалд жуулчлалын нэрийн хуудас болсон сонирхолтой арга хэмжээнүүд эхэлнэ. Говийн чимэг болсон тэмээний жагсаал, уралдаанаас гадна хамгийн сайхан тэмээтэй хос шалгаруулдаг “Тэмээний баяр” энэ удаа Өмнөговь аймгийн Булган суманд болно. 10 дахь жилдээ зохиогдож буй “Мөсний баяр” гуравдугаар сарын 2-3-нд болох бол гуравдугаар сарын 5-нд Баян-Өлгий аймгийн шилдэг 20 бүргэдчин Улаабаатар хотоос холгүй орших “Чингисийн хүрээ” жуулчны баазад ур авьяасаа гайхуулах аж.
“Цагаан шонхор” компаниас “Бүргэдийн баяр”-ыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд бүргэдийн парад, хамгийн сайхан хувцастай бүргэдчин, хамгийн сайн морь шалгаруулахаас гадна ан хийх, хаан бүргэд тодруулах зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд явуулдаг байна. Эдгээр аялалд гаднын жуулчдаас гадна монголчууд өргөнөөр оролцдог болохыг Аялал жуулчлалын холбооныхон онцолж байсан юм.