Малгай: Торго, алтан саан утас, шир, савхи, цаас.Өндөр 8 см, диаметр 19,3 Ийм малгай XIII-XIV зууны үеийн Монголын хаад, язгууртнуудын зурагт түгээмэл дүрслэгдсэн байдаг. Ялангуяа Юань гүрний хаадын хөрөг ийм малгайтайгаар дүрслэгдсэн байдаг бөгөөд уг малгайг Өлзийт Төмөр хааны хөрөгтэй жишиж харахад малгайн орой, саравч, шилэвч, бусад загвар, хийцээрээ тун адил. Уг малгай нь залгамал саравч, шилэвчтэй. Гадна талаас нь барьж оёсон торгон гоёотой, түүн дээрээ алтан саан утсаар цувж яваа хоёр нугасны дүрсийг урласан, малгайн дотор талд улаан цаасыг олон давхар нааж, түүн дээр нарийн ширхэгтэй шаргал самбай наасан. Саравчийг хийхдээ цаасыг торгон эдээр бүрж, цагаан утсаар нягт ширж оёжээ. Малгайн туургыг зургаа хуваасан хүрэн савхин оруулгаар эвлүүлэн оёж, шилэвчийг хэдэн газар, саравчийг нэг газар торгон эдээр чимжээ.
Гутал: Шир. Өндөр 38 см, улны урт 25 см, улны өргөн 7,2 см.Хүрэн шаргал өнгийн ширээр хийсэн, түрий нь өвдөг хэсгээрээ өндөрссөн, дөрвөн давхар наамал ширэн ултай. Уг гуталд зулаг, түрийн залгаас байхгүй, хоёр хажуудаа босоо шулуун залгаастай, хоншоор хэсгийг нь тусад нь залгасан. Нийт гурван хэсэг эсгүүртэй. Эдгээрийг шар өнгийн шөрмөс бололтой, нарийн утсаар тун цэвэрхэн залган оёжээ.