Жодоо 200 насалсан ч үрээ өгдөг

Монгол орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь жодоо. Жодоо нь ойн чимэг болсон мөнх ногоон шилмүүст мод бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугантын хөвч тайгад элбэг ургадаг. Ойн сангийн 1.9 мянган га талбайг эзэлдэг гэсэн судалгаа бий. Жодоо ихтэй ойн агаарыг хамгийн цэвэрт тооцдог тул гадныхан амралт сувиллын газар байгуулахыг илүүд үздэг юм байна. Мөн энэ модны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг.

Манайд ургадаг Сибирь жодоо 24-26 метр хүртэл өндөр болдог. Тохиромжтой нөхцөлд 37-38 метр өндөр, голч нь 60-80 см хүртэл бүдүүрэх нь элбэг гэнэ. Жодоо 300 орчим жил амьдардаг бөгөөд 40-50 наснаас үрээ цацаж эхэлнэ. Хэрвээ өвчлөхгүй, түймэрт өртөхгүй эрүүл ургаж чадвал 200 нас хүрсэн хойноо ч үрээ өгсөөр байдаг аж.