Манай орны Алтай, Говь-Алтайн нуруу, Алтайн чанадын говийн уулс болон Хангайн сүрлэг уулсаар ёл шувуу үүрлэдэг. Тэд хүн амьтан ойртож хүрэх аргагүй эгц, цавчим хадны элгэнд мод бутны өгөршсөн мөчрөөр үүр засаж жил бүр өндөглөнө. Үр төлөө өсгөж бойжуулах талд “ээж, аав” хоёр нь ижилхэн үүрэг гүйцэтгэдэг. Эмэгчин ёл ихэвчлэн хавар эрт хоёр өндөг гаргадаг бөгөөд 50 гаруй хоног эрэгчинтэйгээ ээлжлэн дарсаар ангаахай болгодог аж. Нэг нь өндгөө дарж, ангаахайгаа харж үлдэхэд нөгөөх нь хоолны эрэлд мордно. Энэ утгараа ёлын хүүхдүүд хайр халамжаар өсдөг байна.