Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80
жилийн ой энэ онд тохиож байна. Ойн арга хэмжээнд “Анхдугаар Богд Өндөр гэгээн
Занабазар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр тус сумын нутгийн
зөвлөлөөс зохион байгууллаа. Өндөр гэгээний амьдрал, ажил үйлс болоод Монголын
түүх, соёлд оруулсан хувь нэмрийн талаар сонирхолтой илтгэлүүдийг энэ үеэр
тавьж хэлэлцүүллээ. Уг хуралд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ, Засгийн газрын
гишүүн Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Гандантэгчэнлин хийлийн тэргүүн
хамба Д.Чойжамц, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин тэргүүтэй эрдэмтэн судлаач лам
хуваргууд болон нутгийн уугуул иргэд оролцов.
“Эрдэм шинжилгээний хурлыг зохион
байгуулснаар түүний тухай судлаачдын бүтээлийг эмхэтгэн, хойч үеийнхэнд
таниулах, цаашлаад Өндөр гэгээн судлалын төв байгуулах ажлын эхлэл тавигдаж
байна” хэмээн Улаанбаатар хот дахь Есөнзүйл сумын нутгийн зөвлөлийн дарга
Н.Энхбаатар хэлэв. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой 2015 онд
тохиох учраас нутгийнхан нь Есөнзүйл сумын Ширээтийн дэнж гэдэг газарт 25
метрийн өндөр, пирамид хэлбэртэй соёмбо үсэг бүхий цогцолбор барихаар төлөвлөөд
байна.