Дэлхийн хураангуй Атлас худалдаанд гарлаа

Хүмүүс дэлхий ертөнцийг илүү энгийн, хялбар аргаар танин мэдэх боломжтой болсон нь ХХ зууны онцлог. Манай гаригийн хүн ам 1990 оноос хойш даруй дөрөв дахин нэмэгдлээ. Хүмүүс умард, өмнөд туйл, далайн ёроол зэрэг таниж мэдээгүй байсан газруудад хүрч, газрын зурагт тэмдэглэжээ. Үүгээр зогсохгүй урьд нь хүн амьдарч болохгүй гэгдэж байсан газар нутгийг эзэмшиж амьдрах болжээ. Бид дэлхийн өнцөг булан бүрээс үлэмж тооны мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна.

Цаг минутаар нэмэгдэж буй асар их мэдээллийн урсгалаас илүү нарийвчлалтай, үнэн, зөв өнцгөөс дэлхий ертөнцийг харах боломжийг уншигчдад олгох “Дэлхийн хураангуй”-ыг Монсудар хэвлэлийн газар эрхлэн гаргажээ.

“Дэлхийн хураангуй атлас” нь бусад атласын нэгэн адил газар нутгийн байршил, тэдгээрийн онцлог хийгээд бусад газар нутгаар түүнийг баримжаалж хэрхэн олохыг тодорхой өгүүлэхийн зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн дижитал аргыг ашиглан газрын зураг дээрх бүх мэдээллийг энгийн, ойлгомжтойгоор оруулжээ. Гэрэл зураг, газрын тойм зураг, тайлбар, ишлэл зэргийг ашиглан тухайн бүс нутгийн онцлог, төлөөлж чадахуйц соёл, улс төр, эдийн засгийн үзүүлэлтийг багтаасан байна.