Хүр эрвээхэйн “хүүхдүүд”

Сибирийн хүр эрвээхэй нь сайрсан далавчтаны баг хүр эрвээхэйн овогт багтдаг. Түүний биеийн хэмжээ, өнгө нь олон янз байдаг бөгөөд далавчныхаа дээд хэсэгт муруй тахир судалтай, голын хэсэгтээ цагаан толботой. Эрвээхэйн бие үнсэн саарал болон хар саарал үстэй. Эрэгчний сахал нь дэл хэлбэртэй бол эмэгчнийх нь богинохон дэлэрхэг хэлбэртэй байдаг гэнэ.

Хүр эрвээхэйн хүүхдүүд ойн хөнөөлт хортон шавьжны нэг гэдгийг мэдэх биз ээ. Эмэгчин эрвээхэй дунджаар 250-330 ширхэг өндөг гаргана. Өндөгнөөс нь 15-25 хоногийн дараа хүрэнцэр бий болж, арьс нь 2-3 удаа гуужин томордог байна. Ийн томорсоор биеийн урт нь 0.1-0.4 см болох үеэр буву есдүгээр сарын эхээр хөрсний өнгөн хэсэгт 2-6 см-ийн гүнд орж ичдэг аж. Тэрээр дараа жилийн хавар дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхээр ичээнээсээ гарна. Хүрэнцрүүд модонд шууд авиран, намар орой болтол зогсолтгүй идэж, өсөж томорсоор 54 мм орчим урттай болоод дахин хөрсөнд орж ичдэг гэнэ.

Дараа жилийн хавар ичээнээс гарсан хүрэнцэрийн арьс богино хугацаанд хэд хэдэн удаа гуужиж, хөгжин 8.5 см хүртэл өсдөг байна. Ингэж томорсон үедээ минутанд 50-90 см замыг туулах чадвартай болно. Чухам энэ үед буюу тавдугаар сарын дунд үеэс зургадугаар сарын сүүлч хүртэл 35-40 хоногийн дотор модны шүилмүүсийг асар их хэмжээгээр  идэж сүйтгэдэг. Өөрөөр хэлбэл, гурав дахь жилдээ ичээнээс гарсан хүрэнцэр нь хүүхэлдэй, бие гүйцсэн эрвээхэй болдог байна. Тэд эвцэлдээнд орж өндгөө шахаад үхэх хүртэлх хугацаандаа хэрэглэх энергээ модны шилмүүснээс ийнхүү авдаг аж.

Эрвээхэй болхоос өмнөх нас гүйцсэн хүрэнцэрийн хоёр, гуравдугаар цагираг дээр хөхөвтөр туяатай, хөндлөн хар судалтай, богинохон үс бий. Харин гурав, дөрөв дэх үеүд дээр хар хөх өнгийн үс байдгаар нь хэр их хөнөөл учруулж эхэлснийг мэдэж болно.

Сибирийн хүр эрвээхэй нь Уралаас Курилын арал хүртэл байгаль нуур орчимд, Буриад, Монголд өргөн тархсан. Манай оронд Хангай, Хэнтий, Хөсгөлийн шинэс бүхий уулархаг нутгуудад гол голомт нь оршдог байна. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Хангайн зүүн өмнөд хэсгээс Хэнтийн уулархаг мужийн Дорнод хэсэг хүртэл 110.000 га талбай бүхий өргөн уудам нутгийг хамарч тархсан нь тогтоогджээ.