БОАЖЯ саарал чонын тоо толгойг судлах, агнуурын квотыг
хэдээр тогтоох талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс санал авахаар хандсан
байна. Үүний дагуу эрдэмтэд судалгааны ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Сүүлийн
үед чонын тоо толгой ихэссэнээс хот айлруу дайрч мал барих болсон хэмээн ярих болсон.
Энэ нь ой тайгад, хээр талд барьж идэх амьтан, хоол хүнс байхгүй болсонтой
холбоотой хэмээн манай судлаачид үзэж байна. Энэ амьтдад өнөөдөр малнаас өөр
хоол хүнс олдохгүй байна хэмээн агнуурзүйчид тайлбарлаж байна.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан
судалгаанаас харахад 1986 онд манайд 30 мянга гаруй саарал чоно 18 аймгийн нутгаар
тархсан байжээ. Гэтэл одоо яг хэдэн чоно Монголд үлдсэнийг батлах судалгаа
байхгүй байна. Мөн Монгол улс 1980-аад оны үед Унгарт 300 гаруй бэлтрэг гаргаж
байсан түүх бий.
Монголчууд эрт үеэс, хэрэв чоно хотонд халдвал, цаг үе
муудаж, гай зовлон тохиолдохын цондон хэмээн үздэг.
Олон аймаг, сумын засаг захиргаа өнөөдөр чоныг хоморголон
устгах аллага зохион байгуулсаар байна. Түүнчлэн Замын-Үүдэд 2010 онд 80 ширхэг
хөлдөөсөн чоно гаргахыг завдаад баригдсан байна. Энэ тоо зөвхөн хураагдсан нь.
Угтаа
бол Америк, Европын ихэнх орон чоноо яг ийм замаар устгажээ. Тэд сэргээн
нутагшуулахдаа хэдэн зуун мянган ам.доллар зарцуулж, бас хуулиар хамгаалж
эхэлснийг бид анзаарахгүй өнгөрч болохгүй.