Монголын
гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийнхөн Онон голын сав дагуух газарт ажиллаад
иржээ. Онон голын сав дагуух Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Баян-Адарга,
Дадал сумын нутагт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын
хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох
тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар тэд мэдээлэл хийсэн юм. Орон нутагт
ажилласан гол зорилгоо тус хөдөлгөөнийнхөн ОХУ-ын нутгаас эх авч Онон голд
цутгадаг Ашинга, Киркуне голын эхэнд алтны шороон ордын олборлолт явуулж буй
"Балж-артель" компанийн үйл ажиллагааг таслан зогсоох, хил дамнасан
голуудыг хамгаалах явдал гэж тодорхойлов. Батширээт сумын нутагт гэхэд
"Урт нэртэй хууль" -иар хориглосон байхад А лицензтэй "Ю энд
Би" ХХК, Х лицензтэй "Гутайн даваа" компани олборлолт явуулж
байжээ. Энэ мэтээр Баян-Адарга, Дадал, Биндэр зэрэг сумдад цөөнгүй компаниуд
олборлолт хийхээр А болон Х лиценз авсан тухай тэд ярьсан. Мөн Биндэр сумын
төвөөс хойш 70 км-ийн зайтай Шахал, Хаваргуун гэх газарт 10 жилийн өмнө
"Монгол газар" ХХК-ийн олборлолт хийгээд орхисон талбай байдаг аж.
Тиймээс Онон голын сав газарт нутаглаж буй иргэд Гол мөрний урсац бүрэлдэх эх,
усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал
хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхийг хүсч Монгол
Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэр дээр захидал дайжээ. Харин тус
хөдөлгөөнийнхөн Онон голын цутгал болох ОХУ-ын нутагт орших Ашинга, Киркуне
голын эхэнд олборлолт явуулж буй "Балж-артель" компанийн үйл
ажиллагааг зогсоож өгөхийг хүсч ОХУ-н Ерөнхийлөгч Д.Н.Медведев, Ерөнхий сайд
В.Путин нарт захидал бичсэн байна. Хөдөлгөөнийнхөн Онон голын сав газрын
зөвлөлтэй хамтран Онон голын сав газрын тухай ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт
экологийн сурах бичих зохиож оруулахаар санаачлага гаргасан ба дээрх сумдаас
зохиогчоор оролцох 26 багш хүсэлт гаргажээ.