Их цэвэрлэгээ энэ сарын 15-наас эхэлнэ

Монгол үндэстний уламжлалт цагаан сарын баярыг хоггүй цэвэр угтаж нийслэлийн иргэдийн ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хотын их цэвэрлэгээ энэ сарын 15-наас 19-нд болох юм байна.Уг цэвэрлэгээнд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагууд, хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, хороо, СӨХ, иргэд болон оюутан сурагчдыг оролцуулна.Цэвэрлэгээний явцад нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн дор үүссэн хог, орон сууцны орц цахилгаан шатанд чийгтэй цэвэрлэгээ, гэр хорооллын дунд гуу жалганд үүсч хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэнэ.Мөн автозам болон явган хүний зам, талбайн цас мөсийг цэвэрлэж халтиргаа гулгаа арилгах ажлууд хийгдэх аж. Томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг түр хугацаагаар хааж, түрээслэгч болон худалдааны төвийн ажилтнуудыг оролцуулна.Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд дүүргүүдэд байгуулагдсан мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны байцаагчид хяналт тавьж ажиллах юм байна.Цэвэрлэгээний ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох, холбогдох хуульд заасны дагуу 100-150 мянган төгрөгийн торгууль тавина.Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэвэрлэгээнд оролцоогүй талаар мэдээлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллах ажээ.